Д.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой” ХК-д IPO хийх цаг нь одоо биш. Энэ хувилбарыг дэмжихгүй байна

Олон улсын хөрөнгийн бирж дээр Тавантолгойн ордыг арилжаалж хөрөнгө босгох асуудал болон дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсантай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Тавантолгойн ордын Зүүн цанхи дээр дахиж нэг компани байгуулаад, энэ компанийнхаа 30 хувийн хувьцааг Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргаж (IPO хийх) нэг тэрбум ам.долларын орлого олох гэсэн хувилбарыг та дэмжиж байна уу?


⁃ Энэ асуултанд чинь хариулахаас өмнө эхлээд нэг зүйлийг хэлье. 2012-2016 оны хооронд нүүрсний зах зээлийн үнэ муу байсан. Ийм үед IPO хийж компанийхаа хувьцааг хямд үнээр зарах нь утгагүй. Би яг одоогийн Засгийн газрын “Эрдэнэс Тавантолгой” компанид IPO хийх гээд байгаа энэ хувилбарыг доорх үндэслэлээр дэмжихгүй байна. Шалтгаан нь болох хэд, хэдэн хүчин зүйлийг хэлье! Хэд, хэдэн хүчин зүйл хэлсэн байхад зарим хүмүүс нэг л хүчин зүйлсийг нь бариад шүүмжлээд явчихдаг тал бий. Тэгж болохгүй л дээ. Үүнд:

  • Зүүн Цанхид Тавантолгойн ордын нийт коксжих нүүрсний (төмөрлөгийн үйлдвэрт ашигладаг, шатаахад илчлэг өндөртэй) 70 гаруй хувь нь байгаа гэдэг. Зүүн Цанхийн ордын нүүрсний Үлдсэн 30 хувь нь хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрс болно.
    Коксжих нүүрс нь эрчим хүчний (хүрэн) нүүрснээсээ 4-5 дахин үнэтэй.
    Зүүн цанхийн ордын коксжих нүүрсний нөөц нь хамгийн багадаа 2.5 орчим тэрбум тн болов уу. Нэг тн дутмаас хамгийн багадаа 12 ам. долларын цэвэр ашиг олно гэвэл 30 орчим тэрбум ам.доллар болно. Үүний 30 хувь нь гэвэл үүнд оногдох цэвэр ашиг есөн тэрбум ам.доллар болж байх шиг байна. Тэгэхээр Зүүн цанхи дээр байгуулсан компанийн хувьцааны 30 хувийг нэг тэрбум ам. доллароор зарна гэвэл ес дахин бага үнэтэй болж байна. Иймээс энэ хувилбарыг дэмжихгүй.

хөрөнгийн биржээр зарна гэчихээд, биржийн арилжаа хийгдээгүй байхад яахаараа урьдчилаад зарагдах үнэ нь тодорхой болчихдог юм бэ... гэх мэт ойлгомжгүй асуудлууд байна

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 80 орчим хувийг Засгийн газар, 20 орчим хувийг 2.5 сая иргэд эзэмшдэг гэдэг. Засгийн газар энэ хувьцаанаасаа зарж хувьчлал явуулахдаа хөрөнгийн биржээр хувьцаанаасаа зарах арга нь бол зохистой гэж боддог. Ингэснээр хэн илүү үнэ өгсөн нь аваг. Түүнээс Оюутолгойн гэрээ шиг олон хуудас бичгэн дээр Засгийн газрыг төлөөлж сайн ойлгоогүй хэн нэгэн нь гарын үсэг зурчихаад хэзээ ч дуусахгүй, дэлхийд багтахгүй хэрүүл хийгээд байж болохгүй шүү дээ.

  • Энэ ордын нүүрс, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээ, нүүрсний борлуулалтын орлого, улмаар хувьцааны үнэ хэзээ хамгийн өндөр үнэд хүрэх вэ гэвэл нүүрсийг төмөр замаар тээвэрлэх, зэрэгцээд төмөр замаар тээвэрлэгдсэн нүүрс нь хэд хэдэн худалдан авагчтай болох нөхцөл бүрдсэн тохиолдолд гэж хэлэх байна. Энэ засгийн газар харин Ганц мод болон Бичигтийн боомт гэсэн хоёр чиглэлд төмөр замаа тавьж байгаа нь сайшаалтай. Энэ хоёр чиглэлийн төмөр зам ашиглалтанд орсон үед "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ одоогийнхоос багадаа дахин илүү үнэд хүрэх нь дамжиггүй. Н. Алтанхуягийн Засгийн газрын үед Ганцмодны боомтын чиглэлийн төмөр замыг тавьж эхлүүлсэн. Гэтэл Ч.Сайханбилэг болон Ж. Эрдэнэбатын Засгийн газрын үед буюу 3-4 жилийн хугацаанд энэ төмөр замыг тавьсангүй, нэмж санхүүжилт ч хийсэнгүй. Түүнчлэн нөгөө барьсан далан нь шавар боллоо гэж баахан шүүмжилж ярьдаг. Энэ чинь хэн нэгэн хүний хувийн төмөр зам биш биздээ. Энэ төмөр замыг 2012 оны УИХ-н сонгуулиас өмнө Самсунг болон Энержи ресурс ХХКы хамтарч тавьж байсныг 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Төмөр замын тээврийн тухай хууль болон ҮАБЗ-н зөвлөмжийг үндэслэн болиулж, Монголын Төмөр зам ХХК-д шилжүүлж байсныг санаж байна. Шалтгаан нь Төмөр замын тээврийн тухай хуулиар төмөр замын суурь бүтцийг эзэмшигч компанийн 51-с доошгүй хувийг төр эзэмшинэ гэсэн заалтыг зөрчсөн гэдэг. Энэ нүүрсний тээврийн төмөр зам, авто замын асуудал олон оронд асуудал үүсгэж байсан түүх байдаг. Тухайлбал, манай улсад гэхэд саяхандаа Ганцмодны боомт Тавантолгойн орд хоёрын хоорондох автозамыг манай нэг хувийн компани 2012 онд тавьчихсан байсан. Гэвч бусад компаниудтайгаа нөгөө автозамынхаа ашиглалтын зардлаа тохирч чаддаггүй, сүүлдээ төрийн өмчийн Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргаж энэ автозамыг үнэ тохирч худалдаж авснаар энэ асуудал цэгцэрч байсан. Автозам дээр ингэж байгаа юм чинь үүнээс илүү өндөр өртөгтэй төмөр замыг өөрөө нүүрс олборлон тээвэрлэдэг компаниар бариулчихаад дараа нь асуудал үүсвэл шийдвэрлэхэд хэцүү байх нь ойлгомжтой. Энэ Ганц модны боомтоор дайрах төмөр замд хамгийн ойрхон эцсийн хэрэглэгч нь Хөх хотод байдаг нэг л том төмөрлөгийн үйлдвэр. Тэрнээс Ганцмодны боомтоор экспортлогдсон манай нүүрс Хятад улсын далайн боомтуудыг дагасан эцсийн хэрэглэгч болох олон төмөрлөгийн үйлдвэрт очихдоо Хятад улс дундуур нилээд урт замыг туулж очино. Энэ урт замын тээврийн зардлын орлого нь өмнөд хөршид нэмүү өртөг болон үлдэнэ. Харин Тавантолгойн орд, Сайншанд, Бичигтийн боомт гэсэн маршрутын төмөр замыг тавьж дуусгасан тохиолдолд манай улсын нутаг дэвсгэр дээгүүр нилээд урт төмөр замаар нүүрс тээвэрлэгдэн, тэр тээврийн зардал нь манай улсад нэмүү өртөг болж үлдэж, түүнчлэн мөн бичигт боомтоор экспортлогдсон нүүрс өмнөд хөршийн далайн эрэг хавиарх нилээд олон эцсийн хэрэглэгч төмөрлөгийн үйлдвэрүүд, мөн солонгосын хойг орчмоор гурав дахь хөршүүд ч хүрэх боломжтой, ойрхон болох юм. Товчхондоо хэлэхэд ийм. Ийм асуудал дээр улс төр дагасан эдийн засгийн бүлэглэлүүд олон жил маргалдаж олон түмнийг санаатайгаар толгойг нь эргүүлэн талцуулаад байгаа нь харамсалтай санагддаг. Энэ хоёр чиглэлийн төмөр замаар ганцхан нүүрс биш төмрийн хүдэр, ган төмөр, зэсийн баяжмал гээд бүгд л тээвэрлэгдэх болно. Ер нь тэгээд төр гэж байгаа бол ямарч гадаад худалдаанд заавал нэгдсэн бодлого байх учиртай.

Нөгөө талаас Тавантолгой гэсэн нэг орд дээр олборлосон нүүрсээ экспортлон борлуулах эрхтэй хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулах нь нэгтгэн дүгнэхэд Монгол улсад хохиролтой тусдаг

Энэ нь "Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи Ресурс” ХХК жишээнээс харахад тодорхой байдаг. Хятад улсын компаниудад "Эрдэнэс Тавантолгой” компани нь баяжуулаагүй (угаагүй) нүүрсээ зарах гэхээр “бид баяжуулаагүй нүүрс авахгүй угаасан нүүрс авна, хэрэв түүхий нүүрс авбал ийм үнээр авна” гэж зах зээлээс доогуур хэлнэ. Эсрэгээр нь “Энержи Ресурс” компани угаасан нүүрсээ зарьяа гэхээр “Бид түүхий нүүрс авна, учир нь дөнгөж хилийн цаана нүүрс угаах үйлдвэрүүд байгаа. Хэрэв угаасан нүүрс авбал ийм үнээр л авна” гэж зах зээлийн үнээс доогуур үнэ хэлнэ. Ийм байдлаар Монголын компаниуд дунд нүүрсний үнэ бууруулах уралдаан болдог. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн Тавантолгой орд дээр олборлосон нүүрсээ экспортлон борлуулах эрхтэй компани дахиж байгуулах шаардлагагүй. "Эрдэнэс Тавантолгой”ХК болон "Энержи Ресурс” компаниудыг өмнөд хөршийн худалдан авагчид нь борлуулалтын үнэн дээр өрсөлдүүлснээр өнгөрсөн 7-8 жилийн хугацаанд лав 4-5 тэрбум ам. долларын орлогыг алдчихсан байхыг үгүйсгэхгүй. Ийм учраас 2012-2014 оны хооронд Эрдэс Баялагийн биржийн тухай хуулийг боловсруулж шинэчлэлийн Засгийн газар дэмжсэн боловч дараагийн Засгийн газар нь УИХ-д өргөн бариагүйгээс одоо хүртэл Засгийн газар дээрээ хэвтэж байх шиг байна. Энэ биржийг зүгээр л хувийн хэвшил явуулчих боломжтойгоор хуулийн төсөлд оруулж өгч байсан. Энэ ашигт малтмалын экспортын борлуулалт болон тээврийн үнэн дээр олон бугшсан асуудал бий болсон гэдэг юм билээ. Үнэн ч байх. Бас нэг асуудал байна. Угаасан нүүрс нь бохир нүүрснээсээ зах зээл дээр хамгийн багадаа дахин илүү үнээр борлогддог. Гэтэл төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой”ХК нь нүүрсээ хувийн хэвшлийн “Энержи Ресурс” компаниас бага үнээр нүүрсээ борлуулж байна гээд л байнга хэрүүл маргаан хийгээстэй. Ийм утгагүй ажил ямар үнэтэй байдаг юм болоо. Үүнээс гадна хилийн боомтын, уурхайн амны гээд хэд хэдэн төрлийн үнэ байдаг.

2.5 сая иргэний хувьцаанаас борлуулахдаа тэднээс асуухгүй бол хүний өмчид хууль бусаар халдсан болно

  • Ингээд дээрх миний тайлбараас "Эрдэнэс Тавантолгой”ХК-д IPO хийх цаг нь одоо биш. Э хлээд дэд бүтэцээ буюу хоёр чиглэлийн төмөр замаа тавих, нэг ордод дахиж нүүрс олборлож экспортлох эрхтэй ямар ч компани байгуулах шаардлагагүй, Эрдэс баялагийн бирж байгуулж бүх ашигт малтмалыг дэлхийн зах зээлд ойрхон ханшаар борлуулах нөхцлийг бүрдүүлэх, Тавантолгойн ордын Зүүн Цанхийн орд бол "Эрдэнэс Тавантолгой”ХК компанийн хамгийн чухал орд гэдгийг ухамсарлах, Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн 80 хувийн хувьцааныхаа хэд хувийг бирж дээр зарах нь илүү үнэд хүрэхээр байгааг маркетингийн аргаар тогтоох (test marketing хийх), 2.5 сая иргэнийхээ хувьцаанаас борлуулахдаа тэднээсээ асуухгүй бол хүний өмчинд хууль бусаар халдсан болно. Иргэдийнхээ хувьцааг хэрхэхийг өөрсдөөр нь шийдүүлэх үүднээс нээлттэй орхисон нь дээр дээ...
  • Тавантолгой ордод их хэмжээний нүүрсний давхаргын метан хий илэрч байгаа. Энэ хийн нөөцийг Солонгосын компани тогтоож байгаа гэдэг. Гэхдээ бас улстөрчдийн дэмжлэг, оролцоотойгоор аль нэг хувийн хэвшлийн компани очоод эзэн нь болчихсон сууж байхыг үгүйсгэхийн аргагүй. Иймд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үнэлгээ, улмаар худалдах хувьцааны үнэд энэ метанийн хийн нөөц заавал тооцогдох учиртайг анхаарах хэрэгтэй байна.

-2012-2014 онд бензиний хилийн үнийг тн тутамд 320 ам.доллараар бууруулсан. Ингэснээр тухайн үеийн ханшаар нэг их наяд төгрөг хэмнэсэн гэсэн мэдээлэл байдаг. Яаж ингэж бууруулсан юм бэ? Ийм боломж дахиж гарч ирэх үү?

-Боломж бол үргэлж байдаг. Ганцхан өнөөгийн Төр засагт тэр сэтгэл нь байна уу, үгүй юу гэдэг нь өөрөө асуудал байх. Өнгөрсөн 2016-2019 оны хооронд түүхий газрын тосны зах зээлийн үнэ хямд хэвээрээ байхад бензиний жижиглэнгийн үнэ литр тутамд 300 орчим төгрөгөөр нэмэгдлээ. Бензиний жижиглэнгийн үнэ литр тутамд 100 төгрөгөөр нэмэгдэхэд нэг өрхийн жилийн зардал дунджаар 1.5 сая төгрөгөөр нэмэгддэг гэсэн тооцоо бий.

-ИРЭХ САРД БЕНЗИНИЙ ХИЛИЙН ҮНИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ “РОСНЕФТЬ”-ТЭЙ ХИЙХ БОЛОМЖТОЙ-

Тэр үед нийлүүлэгчтэй Бензиний хилийн үнийг дэлхийн зах зээлийн буюу биржийн газрын түүхий тосны үнээс тооцдог тэгшитгэлийг тохирсон тул түүхий тосны үнэ огцом буурсан тохиолдолд тодруулбал, ирэх сард бензиний хилийн үнийг бууруулах хэлэлцээрийг “Роснефть”-тэй хийх боломжтой. Энэ хэлэлцээрийг сар бүр хийж байхаар тухайн үед тохирсон. Одоо хэвээр байгаа болов уу гэж бодож байна. Н. Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газар 2012 онд байгуулагдаж байхад дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий газрын тосны үнэ 110 ам. доллар хүрч байлаа. Энэ үнэ 2016-2019 оны хооронд 55 орчим ам.долларын түвшинд хэлбэлзэж байгаад саяхнаас огцом буурч, 32 ам.доллар боллоо гэсэн мэдээлэл гарч байна. Эдгээр тооноос харахад бензиний жижиглэнгийн үнийг өсгөхгүйгээр бууруулах боломжтой байсан нь харагдаж байгаа юм. Гэхдээ энэ асуудал дээр энэ Засгийн газар, яамныхан нь байр суурь тодорхой бус байсаар ирлээ. Тодорхой бус байна гэдэг нь өмнөх шигээ (2012 оноос өмнөх) хуйвалдаанаа хийгээд байгаа ч юм шиг, бас ашиг сонирхлын зөрчилтэй байна уу гэж харагдаж байна. Уг нь бензин нь стратегийн бүтээгдэхүүн учир холбогдох хуульд заасан төрийн зохицуулалтыг УУЯ-ны дэд сайдаар ахлуулсан АМХЭГ, ШӨХТГ, СЯ, Нефть импортлогчдын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл орсон Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан комисс хариуцдаг байсан. Энэ комисс дээр бензиний үнийг бууруулах эсэхээ тооцоон дээр үндэслэн ярьж, шийдвэр гаргадаг байлаа.Уг комисс одоо ажиллаж байгаа эсэх, ямар шийдвэр гаргаж байгаа нь тодорхой бус байна. Нөгөө хараат бусаар ажиллах хуулийн зохицуулалттай ШӨХТГ бүр таг болжээ. Бензиний үнэ дээр үүссэн харгалзаж үзэх учиртай хүчин зүйл бол төгрөгийн ханшны уналт. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төгрөгийн ханш 40 гаруй хувиар уначихлаа. Энэ нь төрийн эдийн засаг дахь оролцоо илт нэмэгдсэн, төсвийн урсгал зардал болон тансаглалын зардлыг их хэмжээгээр тэлж, өмнөх дөрвөн жилд нийт 9.5 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан, эдгээр зардлаа санхүүжүүлэхийн тулд 10 орчим их наяд төгрөгийг хэвлэж, зах зээлд нийлүүлснээр төгрөгийн ханш өндийх боломжгүй буурсаар байгаатай шууд холбоотой. 2012-2014 оны хооронд ийм л юм болсон. “Роснефть” компаниас авдаг бензиний хилийн үнэ өндөр байх шиг байхаар нь судалж үзтэл энэ компаниас бусад орнуудын худалдан авдаг үнээс манайхны авч байгаа хилийн үнэ тн тутамд 380 орчим ам.доллар үнэтэй байгаа нь тогтоогдсон.Үүнийг асуудал болгож тавьтал “Роснефть” компани асар дургүйцсэн юм. Арга ч үгүй, бизнесийн эрх ашгаа хамгаалах нь мэдээж. Тэгээд хэлэлцээр явж өгөхгүй удаашрахаар нь БНХАУ(Петрочайна компани)-аас тэднийд экспортолдог түүхий нефтийнхээ оронд А92 бензин ( МГЛ93) гэж тухайн үед нэрлэж байсан болон дизель түлш авч эхэллээ. Эдгээр газрын тосны бүтээгдэхүүний (МГЛ93, дизель) хилийн үнийг тооцохдоо Сингапурын хөрөнгийн биржийн түүхий газрын тосны үнээс тооцож байв. Мөн компаниуддаа Солонгос зэрэг улсаас бензин импортолсон ч хямд тусахаар байгаа мэдээллийг өгч, зарим компаниуд хэрэгжүүлж байсан. Ингэж Засгийн газар болон яам компаниудтайгаа хамтарч ажилласнаар манай улсын сарын хэрэглээний нийт бензиний 96 орчим хувийг нийлүүлдэг “Роснефть”-ээс авдаг бензинийг 70 орчим хувь хүртэл бууруулж байлаа. Тодруулбал, бензиний нийлүүлэлтэн дээр өрсөлдөөн бий болгох бодлогыг гаргаж хэрэгжүүлсэн юм.

Энэ байдал хагас жил орчим үргэлжилж байтал “Роснефть” компани хэлэлцээрийг үргэлжлүүлэх саналаа ирүүлж, энэ хэлэлцээр хүндэвтэр үргэлжилсэн ч үнэн ялж, “Роснефть” компани бензинийхээ үнийг хөрөнгийн биржийн түүхий нефтийн үнээс тооцохоор болсон. 2012.12-2014.12 сар хүртлэх хугацаанд бензиний хилийн үнийг тн тутамд 320 ам.доллараар бууруулж чадсанаар иргэдийнхээ бензин худалдан авахад гаргадаг зардлыг тухайн үеийн ханшаар нэг их наяд төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо гарч байлаа. Энэ хэлэлцээр дээр тухайн үеийн УУЯ болон Газрын тосны газрын хамт олон сэтгэл, зүтгэл гаргаж сайн ажилласан.

-Ерөнхий сайд У. Хүрэлсүх нэг удаа “Бензиний үнийг Төр, засгаас зохицуулахгүй, зах зээлийн зарчмаараа яваг гэлээ” гэсэн мэдээлэл явж байсан. Энэ нь зөв үү?

-Зөв буруу гэхээсээ илүүтэйгээр Засгийн газар, Ерөнхий сайд улс орон даяар Үндсэн Хууль болоод бусад хууль тогтоомжийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй. Үндсэн Хуульд төр эдийн засгийг зохицуулна, чиглүүлнэ гэсэн заалттай. Дээр нь бензин нь манай улсын тухайд стратегийн бүтээгдэхүүн. Энэ талаар Улсын нөөцийн тухай болон Өрсөлдөөний тухай хуульд иргэдийн амьжиргааны суурь өртөгт нөлөө бүхий стратегийн бүтээгдэхүүний үнэд төрөөс зохицуулалт хийнэ, үүнийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй гээд заачихсан байгаа. Хэрэв Ерөнхий сайд тэгж хэлсэн бол хууль зөрчсөн харагдаж байгаа биз...

“Энэ дөрвөн жилд бензиний үнийн өсөлтөөс гадна төгрөгийн ханшны уналтыг дагасан юмны үнийн өсөлт өдөр тутмын хэрэглээндээ импортын барааны хэмжээ ихтэй манай иргэд, өрхийн амьдралд хүндээр тусч байна”

 

-ТӨГРӨГИЙН ХАНШНЫ УНАЛТАА ТОГТВОРЖУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХҮН АМЫН 50 ХУВЬ ЯДУУРЛЫН БАЙДАЛТАЙ БОЛНО-

 

-Нефтийн үнэ бүх төрлийн бараа бүтээгдэхүүний суурь үнэ болж өртөгт нь шингэдэг. Бензиний жижиглэнгийн үнэ буурвал суурь өсөлтөд ямар өөрчлөлт гарах вэ?

-Бензиний жижиглэнгийн үнэ бүх төрлийн бараа, үйлчилгээний суурь үнэнд тээврийн зардлаар дамжин нөлөөлдөг. Мөн айл бүр автомашин унаатай учраас, бензиний үнийн өсөлт айл өрх, иргэдийн амьжиргааны өртгийг өсгөдөг. Энэ дөрвөн жилд бензиний үнийн өсөлтөөс гадна төгрөгийн ханшны уналтыг дагасан юмны үнийн өсөлт өдөр тутмын хэрэглээндээ импортын барааны хэмжээ ихтэй манай иргэд, өрхийн амьдралд хүндээр тусч байна.
Дээр нь 10 гаруй төрлийн татвар, төлбөр хураамжийг нэмэгдүүллээ. Энэ татварын нэмэгдэлтэй холбоотой зардлын өсөлтийг компаниуд борлуулж байгаа бараа, үйлчилгээнийхээ үнэд шингээх нь мэдээж шүү дээ. Гэтэл эрх баригчид маань төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлж, нөгөө томилолт, тансаг зэрэглэлийн автомашин, конторын гоё тавилгууд зэрэгтэй холбоотой тансаглалын зардлаа бууруулсангүй. Төсвийн зарлагыг ихээр тэлэх, төсвийг их хэмжээний алдагдалтай батлах, эдгээр зарлагыг мөнгө хэвлэх замаар шийдэх зэрэг төсөв, мөнгөний алдаатай бодлого явуулснаар төгрөгийн ханшны уналтыг тавиад туучихлаа.

Энэ урагшгүй байдлаас болж 2014 онд ядуурлыг хамрах хүрээ 20 орчим хувь байсан бол, 2019 оны байдлаар 30 гаруй хувь болж, даруй 10 хувиар өсч, манай улсын хүн амын гурван хүний нэг нь орлого багатай иргэдийн ангилалд оржээ. Дэлхийн банкны судалгаагаар хэрэв цаашид төгрөгийн ханшны уналтаа тогтворжуулж чадахгүй бол хүн амын 50 хувь нь буюу 10 хүний тав нь ядуурлын байдалтай болно гэж дүгнэсэн байна.

 

-Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсан ч нэг баррель нефть 70 ам.доллар байхад тогтоосон үнэ манайд өнөөдрийг хүртэл буураагүй байна. Зах зээлээсээ хамаарч буурах боломж байгаа юу?

-Бензиний үнэ түүхий нефтийн биржийн үнээс хамаардаг болсон тул бензиний жижиглэнгийн үнэ буурах боломжтой, бууруулж байсан талаар дээр ярьсан. Харин энэ үнэд сүүлийн жилүүдийн төгрөгийн ханшны огцом уналт хэр нөлөөлж байгаа тооцоог хийж олон нийтэд мэдээлэх учиртай болов уу.

 

-БЕНЗИН ХЯМДАРСНААР ИРГЭДЭЭС ГАРАХ ӨРТӨГ, ЗАРДАЛ БУУРНА-

 

-Хэрэв нефтийн үнэ дэлхийн зах зээлд уналттай хэвээр байвал манайд ашигтай болон алдагдалтай тал нь юу байх вэ?

-Мэдээж манай улсад ашигтай. Бензин импортлоход гадагш төлж байгаа гадаад валютын хэмжээ багасна. Мөн бензин хямдарснаар тэр хэмжээгээр иргэдээс гарах өртөг зардал буурна.
-Манайх “Роснефть”-ээс нефть бүтээгдэхүүнээ авдаг шүү дээ. Дэлхийн зах зээлийн үнийн уналттай уялдуулж, нефть бүтээгдэхүүний хилийн үнийг бууруулах чиглэлээр яриа хэлцэл хийх асуудал яригдах уу?

-Яриа хэлэлцээ хийх боломжтой. Ер нь энэ стратегийн бүтээгдэхүүн болох
бензин дээр төр зохицуулалт хийхдээ иргэдийн амьжиргааны өртгийн тогтвортой байдал, нефть импортлогч компаниуд тодорхой ашигтай байх, мөн боломж байвал төр онцгой, гаалийн, НӨАТ авах эсхүл бууруулж, тэглэж зохицуулах гэсэн эрх ашгийн эрэмбээ ягштал баримтлах хэрэгтэй. Энэ асуудал дээр эрх баригчид дуугүй байсаар ирсэн нь сонгуулийн санхүүжилт бодоод байгаа ч юм шиг харагдаж байна.

-Газрын тосны газар голлон нефтийн бүтээгдэхүүний импортлогчдыг холбооны төлөөллийг оролцуулж нэг л үнэ тохирдог болгосон талаар та дурдсан байна. Ингэж нэгдсэн бодлоготой болгосноор ямар үр дүнд хүрсэн бэ?
-Бензиний хилийн үнийг хоёр жилийн хугацаанд тонн дутамд 320 ам. доллараар бууруулсан талаар ярьсан. Энэ ажлыг хийхэд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд бензиний гадаад худалдаанд нэгдсэн бодлоготой болох зорилгоор өөрчлөлт оруулсан. Шалтгаан нь яагаад бензин худалдан авах хэлэлцээрийг манай импортлогч компаниуд “Роснефть” компани дээр цувж очиж, хоорондоо өрсөлдөн үнэ өсгөдөг байсныг хуульд өөрчлөлт оруулснаар болиулж, Газрын тосны газар голлон нефтийн бүтээгдэхүүний импортлогчдын холбооны төлөөллийг оролцуулж нэг л үнэ тохирдог болгосон юм. Тэр үед “Монголроснефть” гээд хамтарсан компани байгуулчихсан, тэр нь манай компаниудтай нэг нэгээр нь хэлэлцээр хийж, тэндээсээ ашиг хийдэг байсан нь тогтоогдсон ба энэ компаниа “Роснефть” дээр ярьсан хүнд хэлэлцээрийн үед өөрсдөө татан буулгаж байсан юм.

-Баярлалаа.

https://medee.mn/p/146321?fbclid=IwAR0--xWx0cbuK9nZQozh-d-6WtkuGWW8-x4sPDJgFpa7WUqoLF_UorPJ4Fc