Б.Ганхуяг: 1072 хувьцааны ногдол ашгийг төмөр замын ажилд зарцуулсан

ИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцлээ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14 хувийг иргэд, үлдсэн хувийг нь аж ахуйн нэгж компаниуд эзэмшдэг. Тус компани 2019 оны III улирлын байдлаар  13.6 сая тонн нүүрс олборлож, 12.4 саяыг нь борлуулсан байна. Үүнээс 2.2 их наяд төгрөгийн орлого олжээ. Цаашдаа гадаад дотоодоос хөрөнгө оруулалт татаж, холбогдох дэд бүтцийг хэрэгжүүлэн, компанийн орлогыг нэмэгдүүлснээр эдийн засгийн үнэлэмж өсөж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнэ эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэнэ гэдгийг холбогдох албаныхан хуралдааны эхэнд танилцууллаа.  Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв.

УИХ-ын гишүүн Тогтохсүрэн: Засгийн газрын эзэмшиж байгаа 85 хувийг захиран зарцуулах эрх нь бий. Харин иргэдийн эзэмшиж байгаа 14 хувийн ногдол ашгийг яагаад иргэдэд олгож болохгүй байгаа юм бэ. Нэгж хувьцааны үнийг хэдэн төгрөг гэж тодорхойлсон юм.  
“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: Иргэдэд ногдол ашиг олгох тооцооллыг 2018 онд хийж, Засгийн газарт судалгаагаа танилцуулсан. Мөн энэ асуудлыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж, 1072 хувьцааны эхний ногдол ашгаа дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, нүүрс баяжуулах төсөл хөтөлбөрт ногдол ашгаа тараана. 2018 онд бид 807 тэрбум төгрөгийн ашиг олсон. Үүнээс 55.4 тэрбум төгрөгийг иргэдэд хуваарилах тооцоог гаргаж байсан. Ногдол ашгийг иргэдэд олгох талаар судалгаа явуулахад иргэдийн олонх нь бүртгэлд хамрагдаагүй. Мөн хөрөнгө оруулалтын ажилд анхаарах  шийдвэр гарсан.
УИХ-ын гишүүн Тогтохсүрэн: 55.4 тэрбум төгрөгийг иргэдэд хувилах тооцоо гаргасан гэлээ. Гэтэл яагаад энэ мөнгөө олгохгүй байгаа юм. Үүнд бүртгэл хамаагүй. Олгох ёстой мөнгө нь байгаа юм уу?
“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 2018 оны ногдол ашгийн цэвэр ашиг 750 тэрбум төгрөгийг төмөр зам барих дэд бүтцийн ажил руу санхүүжүүлэх шийдвэрийг ТУЗ-ийн хурлаас гаргасан. Өөрөөр хэлбэл, ногдол ашгийн мөнгө төмөр замын ажилд зарцуулж байгаа гэсэн үг.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн ихэнх хувийг төр эзэмшдэг. Ард түмэнд тараах хувьцаа нь 14 хувь буюу хамгийн бага байгаа. Тавантолгой ордын ашиг 2017 оноос эхлэн нэмэгдсэн байдаг. Энэ онд гэхэд 1.1 их наяд тэрбум төгрөгийн  ашигтай ажилласан байна. Тэгэхээр ард түмний эзэмшилд байгаа 14.7 хувийн ногдол ашгийг олгох ёстой. Хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааны ногдол ашгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй зарцуулах эрх байхгүй. Төмөр замын бүтээн байгуулалтад ард иргэдийн энэ багахан хувьцааг зарцуулах шаардлагагүй. Мөн 1072 хувьцааны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд ард түмний хувьцааны эрх ашгийг хамгаалах төлөөлөл гэж бий юу.
“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 2018 оны цэвэр ашиг 807 тэрбум төгрөгөөс нэгж хувьцаанд ногдох ашгийг 25 төгрөгөөр тооцох шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан. Үүнээс төрд  244.5, иргэд, аж ахуйн нэгжид 55.4 тэрбумын ногдол ашиг олгох байсан. Хөрөнгө оруулалт болон бусад зардлаа хасаж, ногдол ашиг олгох боломжтой цэвэр ашиг нь 300 тэрбум төгрөг болсон. Гэхдээ төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагууд гарч, уг шийдвэрийг өөрчилсөн. Үүнийг бид хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар танилцуулсан.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:  750 тэрбум төгрөгийг төмөр замын ажилд хэрэглэх шийдвэр гаргасан юм бол ногдол ашгийг иргэдэд нөхөж олгох боломж бий юу. Мөн хөрсний сийрэгжилтийн коэффициентоор 56 тэрбум төгрөгийг хөрөнгө гаргасан байна. Энэ ямар учиртай тооцоолол вэ.
“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 2018 оны иргэдийн ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа ашгаар нөхөх боломжтой гэж бид харж байгаа. Мөн Үндэсний аудитын газарт компанийн удирдлагууд санал тавьж, асуудалтай холбогдуулан  гүйцэтгэлийн аудит хийлгэсэн. Гүйцэтгэлийн аудитын урьдчилсан төсөл маягаар хийж байсан мэдээлэл алдагдаж, 56 тэрбум төгрөгийн хөрсний сийрэгжилтийн мэдээлэл гарсан.
Ийнхүү  Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаас Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өгөв.

http://www.npost.mn/a/165067?fbclid=IwAR2oa35PWPp3vUJsgMpFFKZmSTOGNcy2A43_QfwyPYqtSuH1fCrMoHOLvLI