“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛЧДЫН ЦАЛИН 15 ХУВИАР НЭМЭГДЭЖ САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 2 378 000₮ БОЛЖЭЭ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захиргаа болон “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний биелэлтийг явцыг хэлэлцэн дүгнэж зарим нэмэлт өөрчлөлтийг орууллаа.

“Хамтын гэрээ”-ний 108 заалт бүрийн хэрэгжилтийн явцыг нягтлан үзэж биелэлт нь 95.5 хувьтай байна гэж талууд үзэж нийт ажилчин, ажилтны сарын үндсэн цалинг энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 15 хувиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ. Ингэснээр тус компанийн дундаж цалин 2 068 000₮ байснаас 2 378 000₮ болон өсчээ.

Талууд “Хамтын гэрээ”-нд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ, ажилчдын орлогыг бодитойгоор нэмэгдүүлэх, ажлын байрны нөхцөл байдал, аюулгүй ажиллагаанд түлхүү анхаарч халамжийн хамрах хүрээг аль болох хумих чиглэлийг барьж байхаар болж 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийт ажилчин, ажилтны сарын үндсэн цалинг үе шаттайгаар 20 хувь нэмэгдүүлэх, шөнийн цагийн 1 цагийн нэмэгдлийг 10 000₮-өөр олгож байгааг компанийн дундаж цалингийн 0.5 хувиар тооцон олгож байх, уурхайн уулын ажлын төлөвлөгөөний биелэлтээс олгож байгаа сар бүрийн шагналын хэмжээг уурхайн ажилчдад 20-25 хувиар, Төв оффисийн ажилтнуудад 15 хувиар тооцон нэмэгдүүлж тус тус олгож байх, Төв оффисийн ажилтнууудад хөдөлмөр хамгааллын нэмэгдлийг үндсэн цалингийн 10 хувиар тооцон сар бүр олгож байх зэрэг нилээд олон тохиролцоонд хүрчээ.