“150 менежер” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захиргаа болон “Эв санааны  нэгдэл” ҮЭ-ийн хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний нэмэлт өөрчлөлтийн 2.1-д “Компанийн засаглалыг бэхжүүлэх   бодлогын   хүрээнд   их,   дээд   сургуульд   компанийн   үндсэн   ажилтнуудаас сургах   төсөл   хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу тус компанийн зүгээс “150 менежер” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захиргаа болон “Эв санааны  нэгдэл” ҮЭ-ийн төлөөлөл Удирдлагын академи, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн удирдлагатай хэлэлцэж дээрх хоёр сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд 30 хүртэлх хүнтэй бие даасан анги тус тус нээж хичээллүүлэх тохиролцоонд хүрчээ.

Ажилтнуудын мэдлэгийг өргөжүүлэх, уурхайн үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах, удирдах ажилтнуудын шийдвэр гаргах чадамжийг дээшлүүлэх зорилгоор Удирдлагын   академид   компанийн   анхан   болон   дунд   шатны   удирдах ажилтнуудыг, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд уурхайн технологийн мэдлэгээ гүнзгийрүүлэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзлэлтэй ажилтнуудыг хамтран тохиролцсон тусгай  хөтөлбөрийн дагуу сургана.

Суралцагчид нь сургалтын явцад 24 кредит цагийн хичээл үзэх хийгээд төгсөхдөө мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн сертификат авна. Суралцагчид нь Удирдлагын академи, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд цааш үргэлжлүүлэн бакалаврын сургалтад суралцахыг хүсвэл сургалтын явцад үзсэн 24 кредит цагийг тооцохоор тохиролцсон байна.

Сургалтын талаар тодорхой мэдээлэл, элсүүлэх шалгууруудыг ирэх долоо хоногт танилцуулах юм байна.